Шинжлэх Ухаан, Технологийн Их Сургууль (ШУТИС) нь “GreenTech Horizons” ERASMUS+ төсөлд оролцож байна. Тус төсөл нь хөдөлмөрийн зах зээлийн хурдацтай өөрчлөлтөд нийцсэн мэдлэг, ур чадвар бүхий ирээдүйн боловсон хүчнийг бэлтгэхэд Азийн их сургуулиудад дэмжлэг үзүүлэх зорилготой Европ болон Азийн улс орнуудын их, дээд сургуулиудыг нэгтгэсэн хамтын ажиллагааны төсөл юм.
Орчин үеийн хөдөлмөрийн зах зээлд дижитал болон ногоон ур чадваруудыг хослуулан бизнесийн ур чадвартай нэгтгэж эзэмшсэн, байгаль орчинд ээлтэй шийдэл боловсруулах чадвартай инженерүүдийн хэрэгцээ улам бүр нэмэгдэж байна.
Төслийн хүрээнд Литвийн Каунасын технологийн их сургууль болон Латвийн Ригагийн техникийн их сургууль дээр 2026 оны 1 дүгээр сарын 17–23-ны өдрүүдэд зохион байгуулагдсан багш бэлтгэх сургалтад ШУТИС-ийг төлөөлөн Ахисан түвшний сургуулийн профессор, төслийн Монгол талын координатор Я.Наранцэцэг, Мэдээлэл, холбооны технологийн сургуулийн Мэдээллийн технологийн тэнхмийн профессор Ч.Мөнхнасан, Холбооны тэнхмийн багш А.Мөнхбат нар амжилттай оролцлоо. Энэхүү сургалт нь дижитал болон ногоон технологийн чиглэлээр зохион байгуулагдлаа.