МХТС-ийн Мэдээллийн технологийн салбарын дэргэдэх “Sys&CoTech” клуб нь 2009 оны 1-р сард оюутан оюутандаа мэдлэг чадвараа хуваалцан тусалж, хамтран хөгжих зорилготойгоор зөвлөх гишүүн Б.Хатанбаатарын удирдлага дор үүсгэн байгуулагдсан оюутнуудын сайн дурын нэгдэл юм. Өдгөө 13 дахь жилдээ үйл ажиллагаагаа идэвхтэй явуулж байна.
Зорилго: Оюутан залуусын шинжлэх ухаанч, нотолгоонд суурилсан шүүмжлэлт сэтгэлгээг хөгжүүлж, судалгааны арга зүйн мэдлэг ур чадварыг нэмэгдүүлэх, оюутнуудын харилцан туршлага солилцох орчинг бүрдүүлж, хаана ч өрсөлдөхүйц мэргэжилтэн болоход бэлтгэх зорилготой.
Алсын хараа: Идэвхтэн гишүүн бүр суралцах хугацаандаа эзэмшиж буй мэргэжлийнхээ дагуу нийгэм болоод хүмүүсийн амьдралд нөлөөлөхүйц төсөл, хөтөлбөрийн нэг хэсэг болж туршлага хуримтлуулж авч чадахуйц ШУТИС -ийн шилдэг клуб болох.
Давуу тал: Оюутан байх хугацаандаа нийгмийн хүрээллээ бүрдүүлэх, багаар ажиллах, хариуцлага хүлээх чадваруудад суралцах боломжоор хангахын зэрэгцээ олон олон сонирхолтой үйл ажиллагаануудыг зохион байгуулах, оролцох, мөн түүнчлэн төгссөний дараа ч Sys&CoTech гэх гэр бүлийн нэгэн хэсэг хэвээр байдгаараа онцлогтой.
Ерөнхий бүтэц, зохион байгуулалт: Клубийн гишүүдийг дотор нь их сургуульд суралцаж буй эсэхээс нь хамааран идэвхтэн болон зөвлөх гишүүн гэж хуваадаг. Идэвхтэн гишүүдийн саналаар клубийн удирдах зөвлөл буюу тэргүүн, нарийн бичиг ,санхүүчийг тус тус томилдог. Удирдах зөвлөл нь клубийн ерөнхий зохион байгуулалтыг хариуцаж, гишүүдийг замчлах үүргийг хүлээдэг. Идэвхтэн гишүүд өдөр тутмын үйл ажиллагаа явуулахдаа тодорхой үүргүүдийн хүрээнд багт хуваагдан ажилладаг ба тухайн багууд өөр өөрсдийн гэсэн үүрэг, хариуцсан ажлуудтай. Идэвхтэн гишүүд багт хуваагдахдаа өөрсдийн саналын дагуу чадвараа хөгжүүлэх, суралцахыг зорьж буй чиглэлийн дагуу багаа сонгон орж ажилладаг.
Гишүүнчлэл: Клуб нь семистер тутам шинэ гишүүний элсэлт авдаг ба тодорхой шалгуур, үе шаттайгаар элсүүлдэг. Идэвхтэн гишүүд сургуулиа төгссөний дараа “Зөвлөх гишүүн” болж клубтэй холбоотой байдаг нь шинэ идэвхитэн гишүүдэд дээд үеэсээ суралцах, туршлага хуваалцах давуу талуудыг олгодог.
Сургалт. Сургалтын үндсэн чиглэл нь гадаад болон дотоод гэж хуваагддаг бөгөөд семестр бүр төлөвлөгөөний дагуу шинэ хичээлүүд заагддаг. Мэдээлэл, холбооны технологийн сургуулийн оюутнуудад “Програмчлалын үндэс”, “Обьект хандалтат програмчлал” гэх мэт мэргэжлийн суурь хичээлүүдийг анхан шатнаас гүнзгий шат хүртэл заах, нэмэлт давтлага олгох, хоцрогдол арилгах, мэргэжлийн хичээлүүддээ илүү сайн суралцах, цаашлаад чадварлаг мэргэжилтэн болоход нь нөлөөлөх зорилготой. “Covid-19” халдварын улмаас 2021 оноос хойш сургалтууд цахимаар буюу “Sys&CoTech Club” youtube сувгаар явагдаж байна. Ингэснээр сургуулийн оюутнуудаас гадна мэдээллийн технологийн чиглэлээр суралцах хүсэлтэй хүмүүст хүрч хүрээгээ тэлсэн.
Сургалтын зорилт :
- Хичээлийн хоцрогдол арилгах
- Шалгалтад бэлдэх
- Олимпиад , тэмцээний талаар нэмэлт мэдлэг олгох, бэлтгэх
- Багшаас асууж чадаагүй зүйлсээ лавлаж асуух боломж олгох
Сургалтын үйл явц :
Програмчлалын үндэс /С хэл/: C нь бүх цагийн хамгийн өргөн хэрэглэгдэж буй програмчлалын хэлнүүдийн нэг бөгөөд уг хэлний хөрвүүлэгч нь ихэнх компьютерын архитектур, үйлдлийн системд бий. Програмчлалын хэлний үндсэн ойлголтыг өгөх, академик сургалтын түвшинд өргөн хэрэглэгддэг. ШУТИС-МХТС-ийн дийлэнх оюутнуудын мэргэжлийн суурь хичээлээр энэхүү хичээл нь заагддаг.
Обьект хандлагат програмчлал /Жава хэл/: Жава хэл нь обьект хандалтат загварт түлхүү анхаарсан байдаг ба доод түвшний програмчлалын боломж багатай. Энэ нь ижил программыг хэд хэдэн үйлдлийн систем дээр ажиллуулахыг зөвшөөрдөг бөгөөд компьютерын сүлжээг дээд зэргээр ашиглахаас гадна бүхий л боломжуудыг хангаж өгдөг. Мэдээллийн технологийн мэргэжлийн оюутнуудын ихэнх хичээл жава хэл дээр явагддаг.
Веб зохиомж /Жаваскрипт хэл, HTML, CSS/: JavaScript нь прототайпад суурилсан скриптийн хэл бөгөөд динамик, өгөгдлийн сул төрөлжүүлэлттэй, нэгдүгээр зэргийн функцуудтай хэл юм. Энэ нь объект хандлагат, исператив, функциональ програмчлалын хэв маягуудыг дэмждэг олон парадигмт хэл юм. Веб хийж сурахдаа холбоотой бүх хичээлийн үндэс сууриар энэхүү хичээлийг ШУТИС-МХТС гол болгон заадаг.
Дотоод сургалт: Идэвхтэн гишүүдийн мэдлэг ур чадварыг дээшлүүлэх, хичээлээс гадуурх олон төрлийн мэдлэгийг эзэмших, клубийн уур амьсгалыг дээшлүүлэх, шинэ гишүүдэд мэдлэг, ур чадвар олгох, гишүүд хоорондоо туршлага солилцох зорилготой. Тухайн семистерт идэвхтэн гишүүдийн саналаар өөр өөр сургалтуудыг ордог. Жишээлбэл:
- Арилжааны техник шинжилгээ
- Java Script, React Native
- Өгөгдлийн бүтэц ба алгоритм
- С болон Java хэл
- Photoshop , Illustrator зэрэг хичээлүүдийг заадаг.
Амжилт: “Sys&CoTech” клуб нь үйл ажиллагаа явуулах хугацаандаа :
- 2011 онд ШУТИС - ийн “Бүтээлч клуб”
- 2012 онд ШУТИС - ийн “Шилдэг клуб”
- 2013 онд ШУТИС - ийн “Бүтээлч клуб”
- 2019 онд ШУТИС - ийн “Шилдэг клуб”
- 2021 онд ШУТИС - ийн “Академич Ч.Энхжаргал”-ын нэрэмжит шагналаар тус тус шагнагдсан.
Дэлгэрэнгүй мэдээллийг Sys&CoTech Club | Facebook хуудаснаас авах боломжтой.