ТӨСЛИЙН ЗОРИЛГО:
Монгол улсын голлох хоёр их сургуулийн (МУИС, ШУТИС) инженерийн чиглэлийн сургалт судалгааны чанар, тоог нэмэгдүүлснээр Монгол улсын аж үйлдвэрийн салбарт шаардагдах инженерийн чиглэлийн боловсон хүчнийг бэлтгэх, түүнчлэн Монголд инженерийн чиглэлийн боловсон хүчин дутмаг, олон улсын жишигт нийцэхээргүй, эрэлт их байгаа өнөө үед МУИС болон ШУТИС–ийн инженер бэлтгэх чадавхийг сайжруулж, Японд суралцах боломжийг олгож түргэн хугацаанд чадварлаг боловсон хүчнийг хөдөлмөрийн зах зээлд бэлтгэн гаргах.
Монгол Улсад өндөр мэдлэг, ур чадвар бүхий инженер, технологийн мэргэжилтэн бэлтгэх, инженерийн боловсролын олон улсад өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, багшлах боловсон хүчний нөөцийг бэхжүүлэх, сургалтын орчныг шинэчлэх болон чанарыг сайжруулах.
Бакалаврын хөтөлбөрийн чанарыг сайжруулах - Хамтарсан Бакалаврын Хөтөлбөр |
Багшийн сургалт судалгааны агуулгыг бэхжүүлэх - Хамтарсан судалгаа |
Чадварлаг аж үйлдвэрийн салбарын боловсон хүчнийг бэлтгэх - Японы Коосэн сургуульд суралцуулах |
ТӨСЛИЙН ЗОРИЛТ:
- Аж үйлдвэрийн бүхий л салбарын инженер, технологийн чадварлаг боловсон хүчнийг богино хугацаанд бэлтгэх.
- Инженер, технологийн чиглэлийн бакалаврын хөтөлбөрийн чанарыг олон улсын жишигт хүргэх.
- МУИС, ШУТИС-ийн инженер, технологийн чиглэлийн багш, эрдэмтэн, судлаачдын сургалт, судалгааны ажлыг дэмжин чанарыг дээшлүүлэх.
ҮР ДҮН:
1. Хоёр их сургуулийн сургалт судалгааны чадавхийг бэхжүүлснээр Монгол улсын аж үйлдвэрийн салбарын эрэлтэд нийцсэн инженерийн чиглэлийн боловсон хүчнийг Монгол улс өөрсдөө бэлтгэх боломжтой болно.
2. Их сургууль, аж үйлдвэрийн салбар хоорондын хөдөлмөрийн эрэлт нийлүүлэлтийн зөрүүг багасгахын зэрэгцээ, инженерийн чиглэлийн боловсон хүчний эрэлтийг түргэн хугацаанд хангаснаар Монгол улсын аж үйлдвэрийн сэргэлт, дэд бүтцийн хөгжилд хувь нэмэр оруулна.