.jpg)
Олон арван жилийн түүхэн хөгжил, академик уламжлал, инновацид суурилсан шинэчлэлийг үе шаттай хэрэгжүүлсээр ирсэн Мэдээлэл, холбооны технологийн сургуулийн цахим хуудсанд зочилж буй танд баярлалаа. Өнөөдөр дэлхий нийт аж үйлдвэрийн дөрөв, тавдугаар хувьсгал, дижитал шилжилтийн эринд оршиж нийгэм, технологи хурдацтайгаар шинэчлэгдэн өөрчлөгдөж байна. Энэхүү динамик орчинд манай сургууль, хамт олон сургалт, судалгаа, мэдлэг бүтээх чиглэлээр дотоод, гадаадын нэр хүндтэй их сургууль, бизнес, судалгааны байгууллагуудтай өргөн хүрээтэй хамтын ажиллагааг амжилттай өрнүүлж байна. Энэ нь манай сургуулийн Монгол Улсад анхны хиймэл оюун, IoT технологи, мультимедиа технологи, кибер аюулгүй байдал, сансрын технологи зэрэг хөтөлбөрөөр мэргэжилтэн бэлтгэж, олон улсын төсөл хөтөлбөрт идэвхтэй оролцож байгаагаас харж болно. Мөн оюутнууд маань дэлхийн түвшний мэдлэг, ур чадварыг эзэмших, өөрийгөө тасралтгүй хөгжүүлэх зорилгоор тууштай хичээн суралцаж Робокон, Кансат зэрэг тэмцээн, инженерийн чиглэлийн олимпиад, эрдэм шинжилгээний хуралд тогтмол амжилт үзүүлж, дотоод, гадаадын тэтгэлэгт хөтөлбөрт идэвхтэй оролцож байна.
Бид Монгол Улсын болон дэлхийн хөгжилд хувь нэмэр оруулах онолын мэдлэг, практикт дадлагатай, хиймэл оюун болон дижитал шилжилтийн арга зүй эзэмшсэн, шинэ технологи хөгжүүлдэг, бүтээлч сэтгэлгээтэй, олон улсад өрсөлдөх чадвартай ирээдүйн инженер, технологийн мэргэжилтэн бэлтгэхийн төлөө хичээн анхааран ажиллаж байна.
Мэдээлэл, холбооны технологийн сургуулийн захирал
Доктор, дэд профессор Л.БАЯР-ЭРДЭНЭ