Мэдээлэл, холбооны технологийн хөгжлөөр дэлхийд тэргүүлэгч БНСУ-ын тусламжтай “Монгол улсад МХТ-ийн чиглэлээр дээд боловсролын байгууллагыг хөгжүүлэх” төслийн санаа анх 2015 онд Монгол, БНСУ-ын төрийн тэргүүнүүдийн түвшинд гарч, ШУТИС-ийн Мэдээлэл, Холбооны Технологийн Сургуулиас төслийн зорилго, хэрэгжүүлэх үзэл баримтлал, агуулгын төслийг боловсруулан БНСУ-ын Олон Улсын Хамтын Ажиллагааны Байгууллага (КОЙКА) -аар дамжуулан БНСУ-ын Засгийн газарт тавьсан. Энэ дагуу КОЙКА байгууллагаас тус сургууль дээр 2016 – 2018 онуудад хэд хэдэн урьдчилсан судалгааны багийг тус сургууль дээр ажиллуулсан бөгөөд үр дүнд нь БНСУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар “МХТС-ийн чадавхыг бэхжүүлэх” төслийг 4 жилийн хугацаанд хэрэгжүүлэхээр Монгол улсын БСШУЯ, СЯ-ны төрийн нарийн бичгийн дарга нар болон КОЙКА-ийн суурин төлөөлөгч нар 2019 оны 1 сард Хэлэлцээрийн Протоколд гарын үсэг зурснаар төсөл хэрэгжиж эхэлсэн.
Төслийн үзэл баримтлалыг Монгол улсын, МХТ-ийн болон Боловсролын салбарын хөгжлийн бодлого, Монгол – Солонгосын гадаад хамтын ажиллагааны хөгжлийн бодлого, Судалгаанд суурилсан их сургуулийг хөгжүүлэх ШУТИС-ийн мастер төлөвлөгөө зэргийг үндэслэн “МХТС-ийн чадавхын бэхжүүлснээр МХТ-ийн салбарын хөгжил шинэ шатанд гарах бөгөөд энэ нь бусад салбарын хөгжлийг хурдасгаж, улмаар Монгол улсын тогтвортой хөгжлийн үндсийг тавих болно” гэж томьёолсон болно
Төслийн үзэл баримтлал
Төслийн өгөгдөл
“МХТС-ийн чадавхыг бэхжүүлэх” төсөл нь дараах үндсэн 4 чиглэлээр тус сургуулийн чадахыг бэхжүүлэх юм
Төслийн агуулга – үндсэн чиглэлүүд
Төслийн үзэл баримтлалын нэг гол зарчим нь МХТС дээр төслийн үр дүнд бий болох хүний болон техник, технологийн чадавх нь “МХТ-ийн салбарт судалгаа, эрдэм шинжилгээний ажил хийж байгаа, хийх сонирхолтой ямар ч байгууллагын авьяасыг татах, хамтран ажиллах цөм болох” явдал юм.
Төслийг хэрэгжүүлэгч үндсэн байгууллагаар Солонгос улсын Сангмён Их Сургууль (Sangmyung University – https://www.smu.ac.kr) шалгарсан бөгөөд удирдагчаар нь тус сургуулийн Компьютерын ухааны салбарын профессор Paek Seonuck ажиллаж байна.