ШУТИС-ийн Мэдээлэл холбоо техникийн сургуулийн Цахилгаан холбооны инженер технологи, Утасгүй холбооны инженер технологи хөтөлбөр АНУ-д төвтэй ABET /Accreditation Board of Engineering and Technology/ байгууллагаар Монгол Улсаас анх удаа 6 жилийн хугацаатай олон улсад магадлан итгэмжлэгдлээ.
ABET байгууллага нь боловсролын хөтөлбөрүүдэд 85 жилийн турш магадлан итгэмжлэл хийж байгаа, дэлхийд хамгийн нэр хүндтэй олон улсын магадлан итгэмжлэлийн байгууллага бөгөөд 2018 оны 10 дугаар сарын байдлаар дэлхийн 32 орны 780 гаруй коллеж, их, дээд сургуулийн 3850 гаруй хөтөлбөрийг магадлан итгэмжилжээ.
Монгол Улсын Төрөөс боловсролын талаар баримтлах бодлогын баримт бичигт 2024 он гэхэд “Тэргүүлэх чиглэлийн дээд болон мэргэжлийн боловсролын 20-иос доошгүй хөтөлбөр олон улсад магадлан итгэмжлэгдсэн байна” гэсэн зорилт дэвшүүлсэн. Тус зорилтыг хэрэгжүүлэхээр БСШУСЯ-наас 7 сургалтын хөтөлбөрийг олон улсад магадлан итгэмжлүүлэхэд санхүүгийн дэмжлэг үзүүлсэн. Одоогийн байдлаар МУИС, АШУҮИС, ШУТИС-ийн 5 хөтөлбөр олон улсад амжилттай магадлан итгэмжлэгдээд байна.
Хөтөлбөр олон улсад магадлан итгэмжлэгдсэнээр тухайн чиглэлээр сурч буй оюутан, төгсөгчдийн боловсролын баримт бичиг дээрх улс орнуудад бүрэн хүлээн зөвшөөрөгдөж, эдгээр орны сургуулиудад ахисан түвшинд үргэлжлүүлэн суралцахаас гадна эзэмшсэн мэргэжлээрээ ажиллах өргөн боломж нээгдэнэ. Үүнээс гадна Монгол Улсын дээд боловсролыг олон улсад хүлээн зөвшөөрөх нөхцөл бүрдэж байна.