Танилцуулга

Монгол Улсын Засгийн газраас 2022 онд дэвшүүлсэн “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлогод тусгагдсан “Цахим үндэстэн” стратегийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Японы ОУ-ын хамтын ажиллагааны байгууллага ЖАЙКА-ийн санхүүжилттэй “Кибер аюулгүй байдлын хүний нөөцийг хөгжүүлэх” техникийн хамтын ажиллагааны төсөл нь 2022 оны 12 сараас 2026 оны 11 сар хүртэл 4 жилийн хугацаанд хэрэгжих бөгөөд, төр, хувийн хэвшил, боловсролын салбарын гурвалсан уялдаа холбоог сайжруулах замаар кибер аюулгүй байдлын хүний нөөцийг хөгжүүлэх, цаашлаад олон нийт, хүүхэд залуучуудад кибер аюулгүй байдлын тухай зохистой ойлголтыг түгээн дэлгэрүүлэх ач холбогдолтой юм. Төсөл хэрэгжих хугацаанд Цахим хөгжил, харилцаа холбооны яам, Удирдлагын академи, ШУТИС, Мэдээллийн холбоо, технологийн сургуулиуд хамтарч ажиллана.

Төслийн хүрээнд МХТС дээр Япон Улсаас урт хугацаанд мэргэжилтэн томилогдон ажиллах ба, Индонезийн их сургуулийн idCARE.UI сургалтын академи, EC-Council болон CompTIA олон улсын сургалтын байгууллагын сургалтуудыг зохион байгуулан, Монгол Улсад өндөр ур чадвартай сургагч багш нарыг бэлтгэх, кибер аюулгүй байдлын сүүлийн үеийн дэвшилтэт NICE болон SecBoK тогтолцоонд тулгуурлан сургалтын хөтөлбөрийг судалж, боловсруулан инженер болон оюутнуудын ур чадварыг сайжруулах сургалт, семинарийг зохион байгуулах зэрэг үйл ажиллагаанууд явагдана.