СУРГАЛТ ЯВУУЛЖ БУЙ ХӨТӨЛБӨРҮҮД
Програм хангамжийн инженерчлэл хөтөлбөр
Программ Хангамжийн инженерчлэлийн бакалаврын хөтөлбөрийн зорилго нь программ хангамжийн инженерчлэлийн онол, хэрэглээ талын мэдлэг, ур чадвар олгох замаар мэргэжлийн болон төрийн байгууллагад бүтээлчээр ажиллах мэргэжилтэн бэлтгэх явдал юм.
Хөтөлбөрт орсон томоохон өөрчлөлт:
- 1987 оны хөтөлбөр. Багш нар голлон ЗХУ –д боловсрол эзэмшсэн, бусад орны мэдээлэл ховор байсан тул энэ хөтөлбөрийг “Программное обеспечение” гэсэн ЗХУ–ын дээд сургуулийн хөтөлбөрт
тулгуурласан байдаг. Тиймдээ ч хөтөлбөр “Программ хангамж” нэртэй болсон нь де-факто болсон.
- 1996-97 оны хөтөлбөр. Дээд боловсролын шаталсан сургалт, сургалтын кредит тогтолцоотой уялдаж хөтөлбөрийн өөрчлөлт хийгдсэн. Мөн гадаадын туршлагыг тусгах оролдлого хийгдсэн.
- 2006-07 оны хөтөлбөр. Мэдээллийн технологийн салбарт хамгийн нэр хүндтэй олон улсын байгууллагууд болох IEEE Computer Society, ACM байгууллагуудын санаачилгаар боловсруулагдсан “Computing Curricula”1 зөвлөмжийн дагуу хөтөлбөрийн өөрчлөлт хийгдсэн. Энэхүү цуврал зөвлөмжид Программ хангамж (Software Engineering), Техник хангамж (Computer Engineering), Мэдээллийн систем (Information systems), Мэдээллийн технологи (Information Technology), Компьютерын ухаан (Computer Science) зэрэг хөтөлбөрүүд багтдаг бөгөөд зөвлөмжийн дагуу КТМС –ийн бүх хөтөлбөр шинэчлэгдэж, хоорондын уялдаа холбоог хангаж өгсөн.
- 2014 оны хөтөлбөр. Дээд боловсролын системд Үр дүнд суурилсан сургалтын тогтолцоо, Инженерийн боловсролд CDIO санаачилга нэвтэрч байгаатай холбогдуулж, хөтөлбөрийн болон хичээлийн зорилго, зорилтууд, агуулгын шинэчлэл хийсэн.
- 2015 онд Компьютерын ухаан (Computer Science) бакалавр, магистрын түвшинд хөтөлбөр хэрэгжүүлж 2016-2017 оны хичээлийн жилээс анхны элсэлтээ авсан.
- 2019 онд Программ хангамж (Software Engineering) хөтөлбөр 2 дахь удаагаа магадлан итгэмжлэгдсэн.
- 2020 онд Хиймэл оюун ухаан хөтөлбөрийг урьдчилсан магадлан итгэмжлүүлж шинээр нээсэн.
2023-2024 оны хичээлийн жилийн байдлаар тус салбар дараах хөтөлбөрүүдээр бакалавр, магистр, докторын түвшинд сургалт явуулж байна.
Бакалаврын түвшинд: Программ хангамжийн инженерчлэл, Компьютерын ухаан, Хиймэл оюун ухаан
Магистрын түвшинд: Программ хангамжийн инженерчлэл, Компьютерын ухаан
Докторын түвшинд: Компьютерын ухаан
"КОМПЬЮТЕРЫН УХААН" БАКАЛАВРЫН ХӨТӨЛБӨРИЙН СУРГАЛТЫН ТӨЛӨВЛӨГӨӨ
"ХИЙМЭЛ ОЮУН УХААН" БАКАЛАВРЫН ХӨТӨЛБӨРИЙН СУРГАЛТЫН ТӨЛӨВЛӨГӨӨ
"ПРОГРАМ ХАНГАМЖ" БАКАЛАВРЫН ХӨТӨЛБӨРИЙН СУРГАЛТЫН ТӨЛӨВЛӨГӨӨ
Хөтөлбөрийн боловсролын зорилтууд:
- Инженерийн мэдлэгээ компьютерын системийн хэцүү асуудлыг шийдэхэд бүтээлч, шинэлэг байдлаар ашиглах;
- Техник болон программ хангамжийн дэвшилтэт технологийг тогтмол судлан эзэмшиж, компьютерын системийн асуудлын шийдэлд ашиглах;
- Бизнес, шинжлэх ухаан, эсвэл төрийн байгууллагын компьютерын системийн программ хангамжийн зохиомжийн шийдэлд бүтээлч хувь нэмрээ оруулагч программ хангамж хөгжүүлэх багийн үр ашигтай гишүүн байх.
Хөтөлбөрийн суралцахуйн үр дүнгүүд:
- Математик, шинжлэх ухаан, инженерийн мэдлэгийг хэрэглэх чадвар;
- Өгөгдлийг хөрвүүлэх, дүн шинжилгээ хийх болон туршилтын загвар гаргах, гүйцэтгэх чадвар;
- Эдийн засаг, хүрээлэн байгаа орчин, нийгэм, улс төр, ёс зүй, эрүүл мэнд ба аюулгүй ажиллагаа, үйлдвэрлэл, тогтвортой байдал зэрэг бодит шаардлагаас урган гарах тухайн хэрэгцээнд нийцсэн үйл ажиллагаа эсвэл системийг загварчлах чадвартай байх;
- Олон чиглэлийн мэргэжлийн багт ажиллах чадвар;
- Инженерчлэлийн аливаа асуудлыг тодорхойлох, томьёолох, шийдвэрлэх чадвар;
- Мэргэжлийн болон ёс зүйн хариуцлагаа ойлгох;
- Үр ашигтай харилцах чадвар;
- Инженерчлэлийн шийдлийн эдийн засаг, хүрээлэн буй орчин, нийгэмд үзүүлэх үр нөлөөг глобал түвшинд ойлгоход хангалттай өргөн хүрээний боловсролтой байх;
- Насан туршийн боловсролын хэрэгцээг ойлгож, суралцах чадвар;
- Инженерчлэлийн практикт хэрэгтэй техник, хэрэгслийг ашиглах чадвар;
- Программ хангамжийн системийг шинжлэх, зохиомжлох, турших, баталгаажуулах, хөгжүүлэх, хэрэглэх болон арчлах чадвар;
- Дискрет математик, магадлал ба статистик, компьютерын ухаан болон бусад салбарын холбогдох асуудлыг нарийн төвөгтэй программ хангамжийн системд зохиомжтой хэрэглэх чадвар.