МХТС ЮРИКА ХХК-тай хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
general2026.04.09

МХТС ЮРИКА ХХК-тай хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа

Энэхүү санамж бичгийн хүрээнд талууд Мэдээлэл, Холбооны Технологийн Сургуулийн дата төвийн эрчим хүчний хэрэглээ, тогтвортой байдал, үр ашгийг нэмэгдүүлэх, сэргээгдэх эрчим хүчний шийдлийг нэвтрүүлэх боломжийг хамтран судлах, цаашдын хамтын ажиллагааны үндсэн чиглэлийг тодорхойлохоор харилцан тохиролцов.

Мэдээлэл, Холбооны Технологийн Сургууль нь сургуулийн дата төв, серверийн өрөө, дотоод сүлжээ, цахим сургалтын систем, өгөгдлийн сан, серверийн үйлчилгээг дэмжих стратегийн ач холбогдол бүхий дэд бүтцийг хариуцан ажилладаг бол ЮРИКА ХХК нь байгаль орчны мониторинг, эрчим хүчний шилжилт, сэргээгдэх эрчим хүчний шийдэл болон нүүрстөрөгчийн төслийн хөгжүүлэлтийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг технологийн компани юм.

Хамтын ажиллагааны гол зорилго нь МХТС-ийн дата төвийн эрчим хүчний хэрэглээний тогтвортой байдал, үр ашгийг нэмэгдүүлэхийн зэрэгцээ сэргээгдэх эрчим хүч болон дижитал технологид тулгуурласан жишиг шийдлийг хөгжүүлэх боломжийг бүрдүүлэхэд оршиж байна.

Хамтын ажиллагааны үндсэн чиглэл

  • Дата төвийн одоогийн болон ирээдүйн эрчим хүчний хэрэгцээг үнэлэх, сэргээгдэх эрчим хүчээр дэмжигдсэн системийн боломжит техникийн шийдлийг тодорхойлох;
  • Системийн хяналт, мониторинг, засвар үйлчилгээ, эрчим хүчний үр ашгийн төлөвлөлтийн чиглэлээр хамтран ажиллах боломжийг судлах;
  • МХТС-ийн дата төвийн дэд бүтцэд түшиглэн ЮРИКА ХХК-ийн хэрэгжүүлж болох нүүрстөрөгчийн төслүүдэд зориулсан дижитал MRV буюу хяналт, тайлагнал, баталгаажуулалтын системийн туршилт, хөгжүүлэлтийн боломжийг хамтран судлах;
  • Сэргээгдэх эрчим хүч ашигласнаар буурах хүлэмжийн хийн ялгарлын тооцоо, тогтвортой байдлын үнэлгээ, холбогдох тайлан боловсруулах чиглэлээр мэргэжлийн хамтын ажиллагааг хөгжүүлэх;
  • Дата төвийн сэргээгдэх эрчим хүчний шийдлийг хэрэгжүүлэхэд шаардлагатай санхүүжилтийн боломжийг хамтран судлах, олон улсын байгууллага, сан, хөрөнгө оруулалтын эх үүсвэрийг тодорхойлох, төслийн баримт бичиг боловсруулах.

Энэхүү санамж бичиг нь талуудын хамтын ажиллагааны ерөнхий хүрээ, зорилго, үндсэн чиглэлийг тодорхойлсон баримт бичиг бөгөөд гарын үсэг зурсан өдрөөс эхлэн 3 жилийн хугацаанд хүчин төгөлдөр мөрдөгдөнө.

Тус хамтын ажиллагаа нь дата төвийн эрчим хүчний тогтвортой байдлыг нэмэгдүүлэх, сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг дэмжих, тогтвортой хөгжлийн чиг хандлагад нийцсэн дэвшилтэт шийдлийг боловсрол, технологийн салбарт нэвтрүүлэхэд бодит хувь нэмэр оруулах ач холбогдолтой юм.