XVII жарны “Сайжруулагч” хэмээх Усан бар жилийн Сар шинийн баярыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зарлиг гаргаж, Боловсрол, шинжлэх ухааны салбарт олон жил үр бүтээлтэй ажиллан амжилт, ажил хөдөлмөрөөрөө тэргүүлсэн:
- Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн, Мэдээлэл, холбооны технологийн сургуулийн зөвлөх профессор Насантогтохын Хүүхэнжимээд “ШИНЖЛЭХ УХААНЫ ГАВЬЯАТ АЖИЛТАН” цол,
- Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн, Мэдээлэл, холбооны технологийн сургуулийн дэд профессор Цэвээнжавын Хүрэлбаатарт “АЛТАН ГАДАС” одонг тус тус гардуулав.
Н.Хүүхэнжимээ нь Политехникумын Холбооны салбарт багшаар ажлын гараагаа эхэлсэнээр Улаанбаатар төмөр замын техникумын холбооны салбарт багш, салбарын эрхлэгч, Холбооны яаманд инженер, хэлтсийн дарга, Засгийн газар референт, ШУТ-ийн олон улсын төв (Москва)-д ЭША, Шинжлэх ухаан техникийн мэдээллийн төвийн орлогч захирал, захирал, Холбооны Үйлдвэрлэл Шинжилгээний Институтын захирал, Шинжлэх ухаан, техникийн улсын хороо, Мэдээллийн технологийн парк-д мэргэжилтэн, ШУА-ийн Философи, социологи, эрхийн хүрээлэн болон Информатикийн хүрээлэнд секторын эрхлэгч зэрэг албыг тус тус хашиж улс орныхоо мэдээлэл холбооны салбарын стратеги бодлого боловсруулах, бүтээн туурвих, судалгаа шинжилгээг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан. Мөн МХТС-ийн судлаач багш нар болон ахисан түвшний оюутнуудыг судалгаа шинжилгээний арга зүйд сургах, асуудлын шийдлийг олоход шинжлэх ухаанчаар хандах хандлагыг төлөвшүүлдэг нэртэй сурган хүмүүжүүлэгч, зөвлөх профессороор ажиллаж олон арван эрдэмтнийг судалгаа шинжилгээний ажилд чиглүүлсэн, гараас нь хөтөлсөн, хамтран ажилласан эрдэмтэн. Багшийн Харилцаа холбоо, мэдээллийн технологийн байгууллагад олон жил ажилласан хөдөлмөр, туршлага, судалгаа шинжилгээний ажилд шамдан зүтгэсэн үр бүтээл, бодлогын бичиг баримтуудыг боловсруулж хэрэгжүүлсэн, олон арван эрдэм шинжилгээний өгүүлэл хэвлэн нийтлүүлсэн, сурган хүмүүжүүлэх их үйлс, хөдөлмөр зүтгэлийг нь төр засаг үнэлсэнд хамт олон бид бүхэн баяртай байна.
Ц.Хүрэлбаатар багш боловсролын салбарт ажиллах хугацаандаа холбооны мэргэжилтэй инженер техникийн ажилтныг бэлтгэх явцад оюутны бие даалт, сэтгэн бодох үйл ажиллагааг дээшлүүлэх, мөн заадаг хичээлдээ шинэ үеийн дэвшилтэт техник технологийг байнга ашиглан, оновчтой санал, тэргүүн туршлага нэвтрүүлэх зэрэг сургалтын сүүлийн үеийн дэвшилттэй олон хэлбэрийн ажил хослуулж оюутнуудыг мэргэжилдээ дур сонирхолтой болгон идэвхийг дээшлүүлэхэд байнга анхаарч ирсэн билээ. 2001 оноос хойш ABU ROBOCON олон улсын тэмцээнд тогтмол амжилттай багаа удирдан оролцуулж байна.
ШУТИС-ийн багш, докторант оюутан, судлаачдын ЭШХ-д тэргүүн байр,Солонгос улсад зохион байгуулагдсан “URAI 2010” олон улсын хурлын “Best Paper Award” шагналыг тус тус хүртэж байсан.
Ц. Хүрэлбаатар нь:
- “MICROMOUSE 2018” үндэсний аварга шалгаруулах анхдугаар тэмцээний зохион байгуулагч, шүүгч, 2017,
- EБ сургуулиудын дунд зохиогдсон "Математикийн Шинжлэх Ухаан Бүтээлч Сэтгэлгээний тэмцээн"-ний үндэсний аварга шалгаруулах анхдугаар тэмцээний шүүгч, 2018,
- “ABU ROBOCON 2018 MONGOLIA” олон улсын тэмцээн зохион байгуулах багийн гишүүн, 2018,
- “ABU ROBOCON 2019 ULAANBAATAR” Монголд анх удаа зохион байгуулагдсан олон улсын тэмцээнд моноголын 2 багаа амжилттай удирдан оролцуулж дэд байранд шалгарсан түүхэн амжилт үзүүлсэн.
Өнөөдөр /2022.01.28/ ШУТИС-ийн, МХТС-ийн удирдлага, хамт олон төрийн дээд шагнал, цол, одон хүртсэн багш нараа хүлээн авч уулзан хүндэтгэл үзүүллээ.