БНСУ-ын Олон улсын хамтын ажиллагааны байгууллага КОЙКА болон Какао Энтерпрайзын судалгааны баг “Монгол улсад үүлэн технологийн экосистемийг хөгжүүлэх” төслийн төлөвлөлтийн судалгааг хийх зорилгоор Монгол улсад хүрэлцэн ирж ЦХХЯ, IT парк, Үндэсний дата төв, ШУТИС-тай танилцлаа.
Энэхүү судалгааны баг 2024 оны 1-р сарын 25-ний өдөр ШУТИС-т зочлон ирж ШУТИС-ийн удирдлага, профессор багш нартай төслийн төлөвлөгөө, хэрэгжилт, цаашдын хамтын ажиллагааны талаар саналаа солилцлоо. Уг уулзалтын үеэр ШУТИС-ийн захирал Т.Намнан Монгол улсад үүлэн технологийн экосистемийг бүрдүүлэх болон холбогдох хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэхэд бүх талаар дэмжин хамтран ажиллахаа илэрхийлсэн бол Какао Энтерпрайзын зүгээс үүлэн технологийн талаарх өөрсийн мэдлэг, туршлагаа Монголын залуустай хуваалцахад бэлэн байгаагаа илэрхийллээ. Төслийг эхлүүлэхэд идэвх чармайлт гарган ажиллаж байгаа Какао Энтерпрайзын клауд багийнхан болон ахлах судлаач Н.Жаргалсайханд гүнээ талархал илэрхийлж, цаашдын ажилд нь амжилт хүсье.
Какао Энтерпрайз нь КakaoTalk мессэжийн програм болон бусад олон төрлийн дижитал үйлчилгээгээрээ алдартай БНСУ-ын мэдээллийн технологийн тэргүүлэгч компани болох Какао корпорацын нэгж бөгөөд ажлын байрны бүтээмж, үр ашгийг дээшлүүлэхээр мессеж, хиймэл оюун ухаан, үүлэн технологийн чиглэлийн платформ нийлүүлэгч юм. Энэхүү төсөл амжилттай хэрэгжиж Монгол улсад үүлэн технологийн олон давуу тал бий болно гэдэгт итгэж байна.