Мэдээллийн технологи, холбоо, аутсорсингийн төв”-ийн барилгын ажлын тууз хайчлах ёслолын ажиллагаа боллоо

“Атал Бихари Важпайн нэрэмжит Мэдээллийн технологи, холбоо, аутсорсингийн төв”-ийн барилгын ажлын тууз хайчлах ёслолын ажиллагаа 2021 оны 8 сарын 13-ны 16:30 цагт сургуулийн гаднах талбайд боллоо. Ёслолын үйл ажиллагаанд БШУЯ-ны сайд Л.Энх-Амгалан, Бүгд Найрамдах Энэтхэг Улсаас Монгол Улсад суугаа элчин сайд М.П.Сингх, ШУТИС-ийн захирал Б.Очирбат, Монгол- Энэтхэгийн парламентын бүлгийн дарга УИХ-ын гишүүн Б.Саранчимэг, БШУЯ, Бүгд Найрамдах Энэтхэг Улсын элчин сайдын яамны болон ШУТИС-ийн МХТС-ийн багш, ажилтан нарын төлөөлөл, барилга
угсралтын гүйцэтгэгч Энэтхэгийн "P.K. Saxena Contractor" компанийн төлөөлөгчид оролцов.
2012 онд БНЭУ-ын Ерөнхийлөгч Эрхэмсэг хатагтай Пратибха Девисингх Патилийн Монгол улсад хийсэн төрийн айлчлалын үеэр Мэдээллийн технологи, холбоо, аутсорсингийн төв байгуулах, Атал Бихари Важпайн нэрэмжит Мэдээлэл Холбооны Технологийн сургалтын төвийн тоног төхөөрөмжийг шинэчлэх асуудлуудыг шийдвэрлэсэн юм.
Энэ ажлын хүрээнд 2012 онд БНЭУ-ын Засгийн газрын 100 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар сургалтын төвийн тоног төхөөрөмжийг шинэчлэв. (CCNP лаб, 35 компьютер болон бусад дагалдах хэрэгсэл)
БНЭУ-ын Ерөнхий сайд Нарендра Моди “Атал Бихари Важпайн нэрэмжит “мэдээллийн технологи, холбоо, аутсорсингийн төв”-ийн шавыг 2015 оны 05 сарын 17-нд тавих ёслолд өөрийн биеэр биечлэн оролцсон.
20 сая ам.долларын санхүүжилтээр 36x24м суурь бүхий 10 давхар барилга баригдах бөгөөд санхүүжилтэд барилга, техник технологи, багшлах боловсон хүчнийг чадавхижуулах сургалтын зардлууд багтах юм.