Үндэсний роботын аварга шалгаруулах “РОБОКОН 2019” тэмцээнд

МХТС-ийн багууд түрүүллээ.

ШУТИС-ийн 60 жилийн ойн энэхүү түүхэн жил “ABU Робокон” олон улсын тэмцээн 18 жилийн түүхэндээ анх удаа Монгол улсад “ABU Ulaanbaatar 2019” нэртэйгээр зохион байгуулагдах болсон нь ШУТИС-ийнхан бидний хувьд энэ жилийн тэмцээн өндөр ач холбогдолтой, онцгой хариуцлага тулгарсан жил болж байна.  Энэ утгаараа ШУТИС-ийн Технологийн сан болон бүрэлдэхүүн сургуулиудаас санхүүгийн дэмжлэг үзүүлснээс гадна Дээд боловсролын шинэчлэлийн төслийн Оюутны санаачлагыг дэмжих төсөлд “Роботын талбай засах” оюутны төслийг дэвшүүлснээр  МХТС-ийн III дамжааны оюутны баг олон улсын дүрмийн дагуу туршилтын талбай байгуулах санхүүжилт авч сургуулийнхаа спорт зааланд туршилтын талбайг байгуулж бусад бүрэлдэхүүн сургуулиудад роботоо турших боломжийг нээж өгсөн юм.

Энэ удаагийн даалгавар  говь хангай, уул толгод, дов сондуул, ус голыг туулах эзэн  Чингисээс уламжилсан  өртөөгөөр гар удирдлагат ба  4 хөлт автомат  роботуудын  алба залгуулах онцлогтой байлаа.  МХТС-аас 2 багийг  тэмцээнд сойсон бөгөөд уяа сойлгыг Электроникийн салбарын  ахлах багш доктор Ц. Хүрэлбаатар, доктор Б. Дорж нар тааруулж  ШУТИС-ийн аварга болон дундын 3 сорилго тэмцээнүүдэд хүчээ үзэж, улмаар Монгол Улсаа төлөөлөн олон улсад өрсөлдөх багаа тодруулах зорилготой үндэсний тэмцээндээ 2019 оны 4 дүгээр сарын 25-нд оролцлоо. Аварга шалгаруулах энэхүү тэмцээнд их дээд сургуулийн нийт 16 баг өрсөлдсөнөөс   Мэдээлэл холбооны технологийн сургуулийн “Цахим алт”, “High tech” багууд үзүүр түрүүнд үлдэж өрсөлдсөнөөс “Цахим алт” баг 72 секундэд “Уухай” буюу цэвэр ялалтаар үндэсний аварга багаар шалгарлаа. Ийнхүү МХТС-ийн багууд маань оюутныхаа гараар боссон талбайдаа роботоо шинэчлэн  туршилтаа явуулж тэмцээндээ бэлдэх улам өндөр хариуцлага хүлээж байна. Хоёр багийн оюутнууд удирдагч багш нар Электроникийн салбарын нийт хамт олонд Мэдээлэл Холбооны Технологийн Сургуулийн захиргаа болон нийт хамт олных нь өмнөөс халуун баяр хүргэж цаашдаа улам өндөр амжилт үзүүлэхийг ерөөе. Сэтгэл байвал зүтгэл байна, зүтгэл бүхэн амжилтыг дагуулна.