“Биочип дизайн хөгжүүлэлт ба Эмбэддэд систем” нээлттэй семинар зохион байгуулагдлаа.

ШУТИС – ийн Мэдээлэл, Холбооны Технологийн сургууль “Биочип дизайн хөгжүүлэлт ба Эмбэддэд систем” сэдэвт нээлттэй семинарыг 2019 оны 3-р сарын 13-ны 15 цагаас өөрийн байранд зохион байгуулав.

Уг семинарын эхний хэсэгт МХТС-ийн Компьютерийн Ухааны салбарын дэд профессор И.Цэрэн-Онолт Монгол Тайваньтай хамтарсан Микро шингэн дэх бактерийг цахилгаан диэлектрик аргаар таних төслийн явцын талаар танилцуулга хийж, төслийн гишүүн докторант МУИС-ийн ХШУС-ийн багш О.Отгоннаран “Биотооцоолох чипийн зохиомж, симуляци”  илтгэл тавьж хэлэлцүүлэв.

Доктор (Ph.D) И.Цэрэн-Онолт багшийн удирдаж буй  Монгол Тайваньтай хамтарсан төсөл 3 жилийн хугацаатай. Биологийн лабораторид эс, молекулыг тодорхой орчинд зохиомлоор үржүүлэх, ургуулах замаар гүйцэтгэдэг учраас хугацаа зарж, өртөг зардал ихтэй байдаг. Жишээ нь цусан үжил өвчний бактерийг шинжлэхэд ~139 цаг шаардагддаг нь уг өвчнийг эмчлэх хугацааг эрсдэлд оруулдаг байна. Тэгвэл биочип технологийн судалгаа сүүлийн 10 жил эрчимжсэнээр микрометр хэмжээтэй жижиг төхөөрөмж дээр туршилт, шинжилгээ, оношлогоог маш богино хугацаанд хийх боломжтой гэж үзэж байна. Энэхүү судалгааны ажлын хүрээнд цусны ердийн найрлага болон бусад хольцоос 1-3 микрометр хэмжээтэй бактеруудыг цахилгаан диэлэктрофрозын аргаар ялгах төхөөрөмжийн эхний загвар биочипийг бүтээн уг чип дээрх туршилтыг хийж байна. Төслийн үр дүнгээр олон улсын хуралд 2 өгүүлэл, дотоодод 2 өгүүлэл хэвлүүлсэн.

 

Семинарын хоёр дах хэсэгт Герман улсын Мюнхены Людвигс-Махимилианс Их сургуулиас МХТС-д 1 жилийн хугацаатай зочин профессороор ажиллаж буй доктор (Ph.D), профессор С.Гордон Numerical challenges in Embedded control systems сэдвээр илтгэл тавьлаа.  

Семинарын дараагийн хэсэгт МУИС-ийн профессор Ж.Батхүү “Биотехийн гарааны компани” сэдвээр гарааны компаний тухай, гарааны бизнесс эрхлэхэд тулгарч буй хүндрэлийн талаар ярьж туршлагаасаа хуваалцсан юм.

МУИС, ХШУИС-ийн Хими, биологийн инженерчлэлийн тэнхмийн профессор Ж.Батхүү багш анхны санаагаа 2007 онд олж, “Залесовын зэдгэлж (Comarum salesovianum (Stehp) Aschers) ургамлыг ашигласан бактерийн эсрэг бэлдмэл, түүнийг хийх арга” нэртэй бүтээлдээ шинэ бүтээлийн патентийг 2013 онд МУИС-ийн нэр дээр авсан байна. Бүтэн 10 жилийн хөдөлмөрийн эцэст  МУИС-ийн дэргэдэх анхны “Гарааны Эм Би Пи лаб ХХК”-ийг албан ёсоор үүсгэн байгуулсан байна. Иймд тус патентийг ашиглан импортын бүтээгдэхүүнийг орлох, монгол хүний онцлогт тохирсон, ургамлын гаралтай батганы эсрэг бүтээгдэхүүн үйлдвэрлэн дотоодын зах зээлд гаргах, эдийн засгийн эргэлтэд оруулах үйл ажиллагааг дэмжих зорилгоор 2018 оны 3 дугаар сарын 23-ны өдөр МУИС болон Гарааны Эм Би Пи лаб ХХК-ийн хооронд патентийн лицензийн гэрээ байгуулсан талаар дурьдлаа. Мөн МУИС-ийн зүгээс судлаач болон гарааны компаниудыг хэрхэн дэмжин ажилладаг тухай мэдээлэл өгсөн юм.