Захирлын мэндчилгээ

Монгол улсын холбооны салбарын хөгжлийн түүхэн үеүдтэй сургуулийн маань 50 жилийн түүх нягт уялдаатай байдаг. Харилцаа холбоог хөгжүүлэх анхны ерөнхий схемд төлөвлөгдсөн их бүтээн байгуулалтын он жилүүдэд үндэсний инженерийн хэрэгцээ урган гарч СнЗ-ийн 1966 оны 332 дугаар тогтоолоор 1967онд МУИС-ийн радио физикийн ангийн 25 оюутныг холбооны инженерийн ангид шилжүүлэн сургаснаар инженер бэлтгэсэн 50 жилийн түүхийн эхлэл тавигдсан бол ардчилсан нийгэмд шилжих шилжилтийн үед гарсан холбооны салбарыг 1991-2000 онд хөгжүүлэх мастер төлөвлөгөөний биелэлтийн жилүүдэд факультетаас шатласан сургалттай сургууль болгон өргөтгөсөн юм.

Түүхт энэ сургуулийн буурийг засаж, шавыг тавилцан өнөөгийн түвшинд хүргэсэн, олон улсад нэр нь цуурайтсан эрдэмт багш нарын маань мэдлэг оюунаа дайчлан ажилласан нөр их хөдөлмөрийн үр шимээр бахархаж байна. Өдийг хүртэл хамтран ажиллаж дэмжиж байдаг гадаадын болон дотоодын байгууллага хамт олонд талархал илэрхийлье. Эрдэмтэн багш нараасаа эрдмийг нь өвлөсөн 15000 гаруй төгсөгчдөөр үе үеийн холбоочдын залгамж холбоог бэхжүүлжээ. Тэд маань улсынхаа өнцөг булан бүрд харилцаа холбооны салбарын хөгжлийг шинэ шатанд гаргахад цаг нарыг үл хайхран хичээл зүтгэл гаргаж ажилласаар ирлээ. Кредит системд шилжүүлэх, зайн сургалт, Интернэт сургалт, үр дүнд суурилсан боловсролын CDIO шинэ аргачлал нэвтрүүлэх, үндэсний болон олон улсын ABET байгууллагаар магадлан итгэмжлүүлэх зэрэг сургалтын чухал чухал өөрчлөлт шинэчлэлийн анхдагч нь энэ сургууль байлаа.

Эрдэмтэн багш нарын маань судалгаа шинжилгээний ажлын үр дүн олон улсад танигдаж технологийн хөгжилд зохих хувь нэмрээ оруулж байна. Ахмад үеийн минь үүсгэн байгуулсан энэ их айлын галыг мөнхөд өрдөж, харилцаа холбоо мэдээллийн технологийн салбарт төдийгүй дэлхийн шинжлэх ухаан технологийн дэвшилд хувь нэмэр оруулах хойч үеийн багш, төгсөгч мэргэжилтнүүдээр ирээдүй маань гэрэлтэн байна. Үе үеийн эрдэмт багш нар, ажилтнууд, төгсөгчид, оюутнууддаа харилцаа холбоо мэдээллийн технологийн салбарт үндэсний инженер бэлтгэж эхэлсний 50 жил, мэргэжилтэй ажилчин бэлтгэж эхэлсний 80 жилийн ойн баярын мэндийг өргөн дэвшүүлье.

 Доктор (Ph.D), дэд профессор Н.ЧУЛУУНБАНДИ