2017-2018 оны хичээлийн жилд шинээр элсэгчдэд


2014 онд дээд боловсролын шинэчлэлийн хүрээнд ШУТИС-ийн МХТС (Мэдээлэл, Холбооны Технолги) болон КТМС (Компьютерийн Техник, Менежментийн Сургуулийн компьютерийн ухааны салбар) нэгдэж 4 салбарт бакалаврын түвшинд 8 хөтөлбөр,магистрын 13, докторын 9 хөтөлбөрөөр МХХТ (Мэдээлэл, Харилцаа Холбооны Технологи)-ийн мэргэжилтэн бэлтгэж, сургалт явуулж байна. Үндсэн сургалтаас гадна олон улсын сертификаттай (CISCO SYSTEM CCNA, CCNP. Android & iOS Mobile ICT LAB ...) урт, богино хэмжээний болон МХХТ-ийн салбарын мэргэшсэн /зөвлөх инженерийн сургалтуудыг зохион байгуулдаг хоёр сургалтын төвтэй. Энэ хичээлийн жилд тус сургуульд 89 профессор багш нар ажиллаж байгаагаас 34 багш нь гадаад дотоодод эрдмийн зэрэг цол хамгаалсан.

ХОЛБООНЫ САЛБАР:

Тус салбар нь Монгол улсын мэдээлэл холбооны салбарт 40 гаруй жил мэргэжилтэн бэлтгэж ирсэн арвин их туршлагатай. Тус салбар нь ШУТИС-ийн ууган тэнхимүүдийн нэг бөгөөд суралцагчид, төгсөгчдийн чанар, ажил эрхлэлтээр тус ШУТИС дотроо тэргүүлдэг.

"Цахилгаан холбоо" мэргэжил

Холбоо, электроник, мэдээллийн технологи, програм хангамжийн суурь мэдлэг, чадварууд эзэмшин дараа нь IP суурьтай холбооны сүлжээний технологи, оптик буюу шилэн кабель дээр суурилсан холбооны дэвшилтэт технологийн чиглэлээр нарийн мэргэшиж бакалаврын зэрэг эзэмших, мөн үргэлжлүүлэн магистр, докторын сургалтанд хамрагдах боломжтой.

Монгол Улсын хамгийн анхны магадлан итгэмжлэгдэгсэн хөтөлбөр бөгөөд 2014 оноос эхлэн олон улсын инженер технологийн чиглэлийн сургалтын шинэ арга болох CDIO аргыг хэрэгжүүлж буй ШУТИС-ийн цөөхөн хөтөлбөрийн нэг.

"Утасгүй холбоо" мэргэжил

Холбоо, электроник, мэдээллийн технологи, програм хангамжийн суурь мэдлэг, чадварууд эзэмшин дараа нь радио долгион ашигласан утасгүй холбооны технологи, үүрэн холбооны технологи, сансрын холбооны технологи, радио телевизийн студи, сүлжээний чиглэлээр нарийн мэргэшиж бакалаврын зэрэг эзэмших, мөн үргэлжлүүлэн магистр, докторын сургалтанд хамрагдах боломжтой. 2009 онд магадлан итгэмжлэгдэгсэн хөтөлбөр бөгөөд 2014 оноос эхлэн олон улсын инженер технологийн чиглэлийн сургалтын шинэ арга болох CDIO аргыг хэрэгжүүлж байна. 

"Сүлжээний технологи" мэргэжил

Мэдээллийн технологи, програм хангамж, холбоо, электроникийн суурь мэдлэг, чадварууд эзэмшин дараа нь IP суурьтай мэдээлэл холбооны болон компьютерийн сүлжээний технологийн чиглэлээр нарийн мэргэшиж сүлжээг  загварчлах, тохируулах, гэмтэл саатлыг илрүүлэх, засварлах, сүлжээг халдлагаас хамгаалах, серверийн орчинд ажиллах зэрэг  ур чадваруудыг бакалавр, магистр, докторын сургалтаар эзэмших болно. 2012 онд магадлан итгэмжлэгдэгсэн хөтөлбөр.

            Та энэ мэргэжлийг сонгосноор олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн стандарт, хөтөлбөрөөр суралцаж мэдээлэл холбооны сүлжээний технологийн суурь мэдлэг, мэргэжлийн үндсэн ур чадваруудыг эзэмшихээс гадна орчин үед нэн шаардлагатай байгаа  багаар ажиллах, харилцааны болон шинэ бүтээл, бүтээгдэхүүн бий болгох чадамжуудыг эзэмших болно. Төгсөн гарсны дараа Монгол улсын мэдээлэл холбооны салбарын томоохон компаниудад ажиллахаас гадна өөрөө мэдээлэл холбооны чиглэлээр компани байгуулан бизнес эрхлэх, гадаадад мэргэжлээрээ ажиллах бүрэн боломжтой.

Магистрын хөтөлбөр:

  • Цахилгаан Холбоо
  • Утасгүй Холбоо
  • Оптик Холбоо
  • Сансарын Холбоо
  • Телевизийн техник технологи
  • Сүлжээний технологи
  • Шуудан холбоо

Докторын хөтөлбөр:

  • Цахилгаан холбоо
  • Оптик холбоо
  • Утасгүй холбоо
  • Телевизийн техник технологи
  • Сүлжээний технологи

КОМПЬЮТЕРИЙН УХААНЫ САЛБАР:

Тус салбар нь 1987 онд Програм хангамж мэргэжлийн хөтөлбөрөөр анхны элсэлтийг хийсэн. Өнгөрсөн хугацаанд нйит 1000 гаруй бакалавр, 200 орчим магистр бэлтгэгдсэн. Манай төгсөгчдийг КТМС –ийнх гэдгээр бүгд мэддэг, ШУТИС –ийн шинэ бүтцээр МХТС –ийн Компьютерийн ухааны салбарт харьяалагддаг. Төгсөгчид мэдээллийн технологийн компани, төр/төрийн бус байгууллага, боловсрол/эрдэм шинжилгээний байгууллагад програм зохиогч, системийн шинжээч болон администратор, мэдээллийн технологийн мэргэжилтэн, багш, судлаачаар ажиллаж чадна. Ажлын байрны эрэлт ихтэй.

Мөн АНУ, Япон, ХБНГУ, Австрали гээд өндөр хөгжилтэй оронд  Microsoft,  Adobe systems,  Google гээд олон компанид амжилттай ажилаж байна.

“Програм хангамж” мэргэжил

“Програм хангамж” (ПХ) мэргэжлийн магадлан итгэмжлэгдсэн сургалтын хөтөлбөрөөр програмын удирдлагатай аливаа системийн ПХ –ийг боловсруулан хөгжүүлэх чадвартай мэргэжилтэн бэлтгэнэ. Бэлтгэгдсэн мэргэжилтэн ПХ –ийн хөгжүүлэлтийн төлөвлөлт, шинжилгээ, зохиомж, хэрэгжүүлэлт, нэгтгэл, туршилт, ашиглалтын бүх шатанд компьютерийн ухааны дэвшилтэд технологийг ашиглах дараах чадварыг эзэмших болно. 

Үүнд:

  • ПХ –ийн шаардлага тодорхойлох
  • ПХ –ийн шинжилгээ хийж, зохиомж гаргах
  • Програмын код бичих/зохиох
  • Програмыг турших, зүгшрүүлэх 
  • ПХ -ийн бичиг баримт боловсруулах
  • Өгөгдлийн сангийн зохиомж гаргах
  • Багаар ажиллах чадвар эзэмших

“Системийн аюулгүй байдал” мэргэжил

“Системийн аюулгүй байдал” (САБ) мэргэжлийн сургалтын хөтөлбөрөөр төр болон хувийн хэвшилийн үйлдвэр үйлчилгээний бүхий л салбарын компьютерийн сүлжээ болон түүний ашиглаж буй мэдээллийн ситемийн аюулгүй байдлыг хангах, хамгаалах чадвартай мэргэжилтэн бэлтгэнэ. Бэлтгэгдсэн мэргэжилтэн аливаа мэдээллийн системийн аюулгүй байдлын нууцлал, хамгаалал, найдвартай ажиллагааны талаас хангахдаа компьютерийн ухаан, сүлжээний технологийг ашиглаж дараах чадварыг эзэмшинэ.

Үүнд:

  • Компьютерийн системийн аюулгүй байдлыг хангах
  • Эмзэг мэдээллийг хадгалах, хамгаалах
  • Мэдээлэл алдагдах болон устгагдахаас сэргийлэх
  • Мэдээллийг дамжуулах явцад алдагдахаас сэргийлэх 
  • Халдлагаас урьдчилан сэргийлэх 
  • Халдлага хийгдсэн тохиолдолд илрүүлэх
  • Халдлагын дараах дүн шинжилгээ хийх
  • Төрөл бүрийн аюулгүй найдвартай сүлжээг зохион байгуулах

Системийн аюулгүй байдал мэргэжлийн хөтөлбөр мдээллийн технологийн хөгжлийг дагаад харьцангуй сүүлд буюу 2008 онд олон улсын Cisco Regional Academy-ийг түшиглэн  байгуулагдсан ба өнгөрсөн хугацаанд нйит 85 орчим бакалавр оюутныг амжилттай төгсгөөд байна. Монголд төдийгүй дэлхийд сүүлийн жилүүдэд маш эрэлт ихтэй байгаа бөгөөд Монгол улсын хэмжээнд энэхүү чиглэлээр мэргэжилтэн бэлддэг цорын ганц газар юм. Системийн аюулгүй байдал мэргэжлээр төгсөгчид нийгмийн бүхий л салбарт амжилттай ажиллана.

Магистр хөтөлбөр:

  • Програм хангамж
  • Мэдээллийн системийн аюулгүй байдал

Докторын хөтөлбөр:

  • Компьютерийн ухаан

МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙН САЛБАР:

Тус салбар нь анх 1991 онд байгуулагдаж, Мэдээллийн Технологи мэргэжлийн хөтөлбөрөөр анхны элсэлт хийсэн. Тус салбар нь  инженер-технологийн чиглэлээр 2009, 2011 онд тус тус магадлан итгэмжлэгдсэн. Мэдээллийн Технологи болон Мэдээллийн Систем мэргэжлийн хөтөлбөрөөр мэргэжилтэн бэлтгэж байна.

“Мэдээллийн технологи” мэргэжил

Төгсөгч нь мэдээлэл, холбооны  технологийн өндөр мэдлэгтэй, нийгэм, эдийн засгийн бүх салбарт ажиллах боломжтой, байгууллагын мэдээллийн технологийн үйлчилгээг хариуцан ажиллах, төлөвлөх, шийдвэр гаргах, хэрэгжүүлэх ажлыг гүйцэтгэнэ. Төгсөгчдийн ажиллах  гол чиглэлүүд нь:

  • Мэдээллийн технологийн  инженер
  • Сүлжээний мэргэжилтэн
  • Компьютерийн инженер
  • Системийн шинжээч, админ
  • Төслийн менежер
  • Програм хөгжүүлэгч
  • Мэдээллийн технологийн техникч

 “Мэдээллийн систем” мэргэжил

Мэдээллийн системмэргэжлээр төгсөгч нь байгууллагын бизнес процессын шаардлагыг тодорхойлж, мэдээллийн системийн төрлүүд болох бүртгэл боловсруулах/ удирдлагын/шийдвэр гаргалтыг дэмжих/стратегийн мэдээллийнсистемийг бүтээх/хөгжүүлэх, энтерпрайз системүүд хөгжүүлэх улмаар цахим компани болгон хөгжүүлэх, аюулгүй байдлыгханганажиллах, мэдээллийн технологийн тусламжтай шинэ бүтээгдэхүүн/үйлчилгээг санал болгох, мэдээллийн технологийг нэвтрүүлэх  ажлыг гүйцэтгэнэ. Төгсөгчдийн ажиллах  гол чиглэлүүд нь:

  • Мэдээллийн системийнхэлтсийн мэргэжилтэн
  • Системийн шинжээч, бизнес шинжээч
  • Өгөгдлийн шинжээч
  • Төслийн менежер
  • Мэдээллийн систем хөгжүүлэгч
  • Өгөгдлийн сангийн админ
  • Програм хөгжүүлэгч

Магисрын хөтөлбөр:

  • Мэдээллийн систем
  • Мэдээллийн технологи

Докторын хөтөлбөр:

  • Мэдээллийн технологи

ЭЛЕКТРОНИКИЙН САЛБАР:

1991 оны 2 сарын 1-нд электроникийн салбар байгуулагдсан. Тус салбар нь Электрон системийн автоматжуулалт хөтөлбөрийн дагуу үндсэн гурван чиглэлээр бакалавр, магистр болон докторын зэрэгтэй мэргэжилтэн бэлтгэдэг.

Электрон системийн програм хангамжийн инженер:

Энэ мэргэжлээр төгсөгч нь электрон систем болон автомат системийг зохион бүтээх, хөгжүүлэх, програмчлах чадвартай зохион бүтээгч инженер болно.

Автоматжуулсан системийн инженер:

Энэ мэргэжлээр төгсөгч нь үйлдвэрлэлийн процессийг автоматжуулах электрон системийг загварчлах, нэвтрүүлэх, хөгжүүлэх автоматжуулалтын зохион бүтээгч инженер болно.

Эмбэддэд системийн инженер:

Энэ мэргэжлээр төгсөгч нь бие даасан ухаалаг электрон систем болон робот системийг загварчлах, зохион бүтээх, хөгжүүлэх чадвартай зохион бүтээгч инженер болно.

Электроникийн салбарын бэлтгэн гаргаж буй төгсөгчид нь электрон тоног төхөөрөмж төдийгүй мэдээлэл холбооны төхөөрөмж бүхий үйлдвэр аж ахуйн нэгж, албан байгууллагад мэргэжлийн дагуу ажиллах боломжтой. Энэ салбараас төгссөн инженер техникийн ажилчид нь төр хувийн хэвшилд зохион бүтэх , шинэ технологи нутагшуулах зэрэг мэдээлэл технологийн салбарт ажиллаж байна.

Магистрын хөтөлбөр:

  • Электрон системийн автомажуулалт
  • Электроник

Докторын хөтөлбөр:

  • Электрон системийн автомажуулалт
  • Электроник