МХТС-ийн нэрэмжит “Инженерчлэлийн эдийн засаг”-ийн  НЭЭЛТТЭЙ олимпиадын удирдамж

Нэг. Үндэслэл

            “Инженерчлэлийн эдийн засаг” хичээл нь МХТС-ийн бүх мэргэжлийн оюутнуудын заавал үздэг хичээл бөгөөд намрын улиралд электроникийн салбараас бусад бүх мэргэжлийн ихэвчлэн II курсын 300-400 гаруй оюутнууд судалдаг. Электроникийн салбарын оюутнууд хаврын улиралд үздэг. Цаашдаа олон улсын жишгийн дагуу их дээд сургуулиудын бүх инженер-технологийн мэргэжлийн оюутнууд уг хичээлийг үздэг болох хандлагатай юм . Иймд “Инженерчлэлийн эдийн засаг”-ийн нээлттэй олимпиадыг МХТС-ийн нэрэмжит болгон хичээлийн жил бүрийн намрын улиралд Холбооны салбар хариуцан уламжлал болгон зохион байгуулна.

Хоёр. Зорилго

            Инженерийн чиглэлээр суралцагч оюутан нь инженерчлэлийн эдийн засгийн мэдлэггүйгээр сайн инженер болох боломжгүй юм. Иймд “инженерчлэлийн эдийн засаг”-ийн мэдлэгийг түгээн дэлгэрүүлэх, оюутнуудын идэвх сонирхлыг дээшлүүлэх, “инженерчлэлийн эдийн засаг”-ийн мэдлэгийг өргөтгөх, бататгах, инженерийн шинэ санаа, зохиомж, төслийн үр өгөөжийг үнэлэх чадвар дадал олгоход олимпиадын зорилго оршино.

Цаашдаа оролцогч сургуулийн мэргэжлийн багш нар арга, туршлагаа солилцдог, оюутнууд мэдлэг чадвараа сорьдог улсын хэмжээний олимпиад болгох зорилготой.

 

Гурав. “Инженерчлэлийн эдийн засаг”-ийн олимпиадын хамрах хүрээ

  • “Инженерчлэлийн эдийн засаг”-ийн арга, аргачлалууд
  • Макро, микро эдийн засгийн онол
  • Төслийн менежмент
  • Хөрөнгө оруулалт, санхүүгийн менежмент
  • Эрсдэлийн менежмент
  • Санхүүгийн тооцооны хэрэглээний (Excel) программууд.

Дөрөв. Олимпиад зохион байгуулах журам

Олимпиадыг хоёр үе шаттай зохион байгуулна.

1-р шат. Хичээлийн жилийн намрын улирлын XIII долоо хоногт явагдах бөгөөд семинарын хичээлийн бүлэг бүрээс 10 хүртэл оюутныг хичээл заадаг багш нь шалгаруулан 2-р шатанд оролцуулна.

2-р шат. Олимпиадын 2-р шатны шалгаруулалтыг XIVдолоо хоногт зохион байгуулна.

Эхний шатнаас шалгарсан оюутнуудаас гадна урьд нь “Инженерчлэлийн эдийн засаг”-ийг үзсэн тус сургуулийн оюутнууд хоёрдугаар шатанд оролцож болно. Тэрчлэн олимпиадын хамрах хүрээний хичээлүүдийг судалсан бусад сургуулийн оюутнууд оролцож болно.

Оюутнууд олимпиадын 2-р шатанд оролцохдоо комисст урьдчилан бүртгүүлсэн байхаас гадна оюутны үнэмлэхтэй байна.    

            Олимпиад зохион байгуулах комисс нь шалгаруулалтын тест, бодлогыг хичээл заадаг багш нараас дэвшүүлсэн хувилбаруудаас сонгох замаар боловсруулж бэлтгэх ба нууцыг хадгална.

            Тухайн хичээлийн жилд “Инженерчлэлийн эдийн засаг”-ийн олимпиадыг зохион байгуулах комисс болон төсвийг захирлын тушаалаар баталгаажуулна.

 

Тав. Шалгаруулж, шагнах журам

            Олимпиадад оролцсон оюутнуудаас нэгдүгээр байр 1, хоёрдугаар байр 2, гуравдугаар байр 2, тусгай байранд 5 оюутан шалгаруулна. Байр эзлүүлэхдээ оноогоор дүгнээд онооны дарааллаар байр эзлүүлнэ. Оноо тэнцсэн тохиолдолд эхний явцын шалгалтын оноо болон дүнг харгалзан үзнэ.

                        1-р байр нэг                          100 000₮, өргөмжлөл

                        2-р байр хоёр тус бүр           80 000₮, өргөмжлөл

                        3-р байр хоёр тус бүр           60000₮, өргөмжлөл

                        Тусгай байр тав тус бүр        30000₮, өргөмжлөл

          Мөн олимпиадын 2-р шатанд оролцсон оюутнуудад батламж өгнө.

Олимпиадыг зохион байгуулагч:МХТС-ийн Холбооны салбар