Харилцаа холбоо мэдээллийн технологийн дээд боловсролтой мэргэжилтэн бэлтгэж эхэлсний 50 жил, мэргэжилтэй ажилчин бэлтгэсний 80 жилийн ойг Мэдээлэл Холбооны Технологийн Сургууль тэмдэглэн өнгөрүүллээ.

Мэдээлэл Холбооны Технологийн Сургуулийн хамт олон уригдсан гадаадын зочид, ШУТИС-ийн болон салбарын удирдлага, байгууллагууд, төгсөгчид, оюутнуудын төлөөлөгчидтэй хамт ойг угтан бүтэн жилийн турш хийсэн бүтээлч ажлаа дүгнэн Харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарт дээд боловсролтой мэргэжилтэн бэлтгэж эхэлсний 50 жил, мэргэжилтэй ажилчин бэлтгэсний 80 жилийн ойгоо 2017 оны 10 сарын 6-ны өдөр Корпорейт зочид буудлын концертын их танхимд  ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүллээ. Мөн энэ өдөр үйлдвэрлэл, үйлчилгээ, ахуйн хэрэглээнд зориулсан IoT (зүйлсийн интернет) системүүдийг хөгжүүлэх, нэвтрүүлэхэд чиглэсэн хамтарсан старт-ап компанийг МХТС-ийн IoT хөгжүүлэлтийн профессорын багийг түшиглэн байгуулж, түүний тогтвортой үйл ажиллагааг ханган хамтран ажиллахаар ШУТИС ба БНСУ-ийн МGT  корпорацийн хооронд санамж бичигт Монгол улсын ШУТИС-ийг төлөөлж эрдэм шинжилгээ, хамтын ажиллагаа эрхэлсэн дэд захирал Т.Намнан БНСУ-ын MGT корпорацыг төлөөлж ерөнхийлөгч Ли Сүн Жон нар гарын үсэг зурав. 

 

Ойг угтан зохион байгуулсан томоохон ажлаас дурьдвал:

Монголын Мэдээллийн технологи-2017 үндэсний хэмжээний ЭШХ, түүнийг дагалдсан багш, оюутнуудын ЭШХ, Анхны тэнхмийн эрхлэгч Д. Гарам-Очир гуайн 80 насны ойд зориулсан салбарын байгууллагууд оролцсон онол практикийн бага хурал, Мэдээлэл Холбооны Технологийн салбарын байгууллагуудын удирдлагууд, инженерүүдэд зориулсан 2 удаагийн сургалт, Монголын Сүлжээ компанитай хамтарсан аймаг орон нутгийн инженерүүдийн видео хурлын системээр явуулсан сургалт, Улсын програмчлалын ба сүлжээний олимпиадууд, Автомат роботын тэмцээн 2 удаа зохион байгуулсан юм.

“Тоон электроник” ба “Хөдөлгөөнт холбоо” үндсэн сурах бичиг, Манай Эрдэмтэд цувралын 65, 66-р ботиудыг бичин хэвлүүлж, Номын баярыг ШУТИС-ийн төв номын сангийн хамт олонтой хамтран зохион байгуулсан. “Хөгжлийн замнал” дурсамжит цомогийг бүтээж хэвлүүлсэн. Өдөр тутмын “Өдрийн сонин”-д нийтлэл хэвлүүлж,  ойн талаарх 2 удаагийн ярилцлага, бүтээлч багш нарын бүтээлийн талаарх ТВ-ийн нэвтрүүлгийг явуулсан.

 “Мэдээлэл Холбооны Технологийн Сургуулийн магтуу”-г дүрсжүүллээ.

Харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын спортын наадам, үе үеийн төгсөгчдийн сагсан бөмбөгийн тэмцээн,  төгсөгчдийн чуулга уулзалтыг 2 удаа зохион байгуулсан.

Түүхт их ойн босгон дээр ШУТИС-ийн шилдэг багш нарын шалгаруулалтанд МХТС-ийн 5 багш номинац бүрд 1-3 дугаар байр эзэлж хамт олноо манлайллаа.

Баярын хуралд БСШУЯ-ны удирдлагууд, ШУТИС-ийн удирдлагууд, Салбарын хамтын ажиллагаатай байгууллагуудын удирдлагууд, инженер техникийн ажилтнууд, ахмадууд, МХТС-ийн хамт олон, үе үеийн төгсөгчид, оюутнуудын төлөөлөл оролцлоо.

Ойн баярын үйл ажиллагаанд БНЭУ-ын элчин сайд ноён Суреш Бабу, ОХУ-ын МТУСИ-ийн ректор доктор профессор Ерохин Сергей Дмитриевич, Гадаад харилцаа эрхэлсэн проректор доктор профессор Муханов Андрей Юрьевич, БНСУ-ын Электроник Цахилгаан Холбооны Эрдэм Шинжилгээний Хүрээлэнгийн профессор ШУТИС-ийн хүндэт профессор доктор Ён Ил Ким, БНСУ-ын Сунчонханы Их Сургуулийн санхүү  эдийн засгийн тэнхмийн профессор доктор Ким Хон Жин, БНХАУ-ын Цинхуа Их сургуулийн сансрын инженерчлэлийн тэнхмийн профессор доктор Бао Ин, БНСУ-ын “Эм Жи Технологи” корпорацийн ерөнхийлөгч И Сүн Жон, ноён И Гю Сон нар хүндэт зочноор уригдан  оролцож баяр хүргэлээ.

Баярын хурал дээр МХТС-ийн сайн түнш байгууллага Unitel компанийн захирлуудын зөвлөлийн дарга ноён Р.Ганболдод ШУТИС-ийн хүндэт профессор цол гардуулав.

Ойн баярын хүрээнд “Монгол улсад мэдээлэл харилцаа холбооны дээд боловсролтой мэргэжилтэн бэлтгэсний 50 жил” сэдэвт маркийн нээлт боллоо.

Харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарт дээд боловсролтой мэргэжилтэн бэлтгэж эхэлсний 50 жилийн ойг тохиолдуулан МХТС-ийн багш, ажилтнуудыг боловсрол, шинжлэх ухааны тэргүүний ажилтан, салбарын тэргүүний ажилтан цол тэмдэг, ШУТИС-ийн эрдмийн зөвлөл, захирлын нэрэмжит шагнал, байгууллагуудын шагналаар шагнаж урамшууллаа.

Ойн баярын оргил хэсэг нь багш оюутнууд оролцсон баярын концерт байсан бөгөөд МХТС-ийн 120 хүний (багш, ажилтан, оюутнуудаас бүрдсэн) найрал дуу, морин хуурын чуулга, бүжгийн хамтлагийн тоглолт болон гоцлол номерууд олныг гайхшрууллаа.

Эдгээр ажлыг ШУТИС-ийн хөгжлийн бодлого төлөвлөлтийн дэд захирал доктор, дэд профессор Б. Сүхбатаар ахлуулсан нийт 15 гишүүнтэй  зохион байгуулах комисс бүтэн нэг жилийн өмнөөс томилогдон удирдан салбарын байгууллагууд, багш оюутнуудын оролцоотойгоор гүйцэтгэсэн болно.