Мэдээлэл, Холбооны Технологийн сургууль

“Харилцаа холбоо, мэдээллийн технологийн чиг хандлага” сэдэвт семинар,

“Оптик холбооны сүлжээний лаборатор”-ийн нээлт боллоо

Монгол Улсад холбооны дээд боловсролтой мэргэжилтэн бэлтгэж эхэлсний 50 жил, холбооны мэргэжилтэй ажилчин бэлтгэж эхэлсний 80 жилийн ой тохиож буй энэ онд  ШУТИС-ийн Мэдээлэл холбооны технологийн сургууль(МХТС) олон бүтээлч арга хэмжээ төлөвлөн ажиллаж байна. Ойг угтсан бүтээлч ажлыг Харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын байгууллагуудын удирдах ажилтнуудад зориулсан “Харилцаа холбоо, мэдээллийн технологийн чиг хандлага” сэдэвт семинараар эхэллээ.

Семинарыг МХТС, Харилцаа холбоо мэдээллийн технологийн газар (ХХМТГ), Харилцаа холбооны зохицуулах хороо(ХХЗХ)-той хамтран  2017 оны 1 дүгээрр сарын 27-ны өдөр зохион байгууллаа. Мэдээлэл холбооны салбарынханд зориулж ХХМТГ-ын дарга Б.Чинбат “ХХМТ-ийн салбарын хөгжлийн бодлого, стратеги зорилтууд”, ХХЗХ-ны дарга С.Адъяасүрэн “ХХМТ-ийн салбарын хууль эрх зүйн, зохицуулалтын асуудлууд, стратеги зорилтууд”  сэдвээр илтгэл тавьж салбарын бодлого зохицуулалтын талаар нэгдсэн ойлголтыг өгснөөс гадна орчин үеийн болон ирээдүйн технологийн чиг хандлагын талаар сонирхолтой илтгэлүүд тавигдлаа.

 

   Семинарын үеэр Мэдээлэл харилцаа холбооны технологийн шийдэл, эд ангийн үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлэгч “Huawei” компани ба Жемнет ХХК-уудын хамтарсан хөрөнгө оруулалттай “Оптик холбооны сүлжээний лаборатор”-ийн нээлт боллоо. Нээлтэнд ШУТИС-ийн Ректор Б.Очирбат, ШУТИС-ийн ТУЗ-ийн гишүүн Д.Болор, “Huawei” компанийн ерөнхий захирал Жао Sui Женг, Жемнэт компанийн гүйцэтгэх захирал н.Дэлгэрсайхан, ХХМТГ-ын дарга Б.Чинбат, ХХЗХ-ны дарга С.Адъяасүрэн, МХТС-ийн захирал Б.Сүхбат болон бусад албаны хүмүүс, салбарын компаниудын төлөөлөл оролцлоо. Энэхүү лаборатори 130 сая төгрөгийн хөрөнгө оруулалт бүхий хамгийн сүүлийн үеийн оптик сүлжээний тоног төхөөрөмжөөр тоноглогдсон бөгөөд IP сүлжээ, оптик сүлжээний чиглэлээр суралцаж буй оюутнуудад эзэмшсэн мэдлэг, ур чадвараа практикт турших, дадлагажих, цаашид энэ чиглэлээр судалгаа шинжилгээний ажил гүйцэтгэх өргөн боломжийг нээж байна. Лаборатори нь интерьер заслынхаа хувьд онцгой шинэлэг шийдэлтэй болсон юм.

Монгол Улсын дээд боловсролын анхны магадлан итгэмжлэгдсэн Цахилгаан холбооны бакалавр, утасгүй холбооны бакалаврын хөтөлбөрүүдийг энэхүү түүхт ойн жилдээ АНУ-ын ABET байгууллагаар олон улсын түвшинд магадлан итгэмжлүүлэхээр ажиллаж байгаа энэ үед тус лаборатори нээгдэж байгаа нь өндөр ач холбогдолтой үйл явдал болж байна.